Tuesday, July 19, 2011

Абаха

Абаха

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт

Морь унасан Абаха. Түүний хажууд хүү Аргун нь өөрийн хүү Газаныг тэврэн эзэн хааны шүхэр дор зогсож байна. Рашид ад-Дин, XIV зууны эхэн үе.
Абаха хан (1234–1282) (Абага, Абага хан ч гэдэг) Персийн Ил Хан улсын хоёрдахь Монгол удирдагч (Ил-хан) байлаа. Хүлэгү хан, Догуз хатны дундаас гарсан хүү Абаха 1265–1282 онд Ил Хан улсыг захирч байсан бөгөөд түүнийг дүү Тэкүдэр нь залгамжилжээ. Абахагийн хаанчлалын жилүүдийн ихэнх хугацаанд Монголын Эзэнт гүрэн дотоодод дайнтай байлаа. Тухайлбал Ил Хан ба умард зүгийн Алтан Ордын хоорондох дайныг дурдаж болно. Абаха мөн Сирийг эзлэн авахаар удаа дараа оролдсон боловч амжилтгүй болжээ. Тухайлбал Хомсын хоёрдугаар тулалдаанд ялагдал хүлээсэн байдаг.

Агуулга

[нуух]

[засварлах] Амьдрал

Абаха 1234 онд төрсөн. Тэрбээр Ил Хан улсыг үндэслэн байгуулагч Хүлэгү хан, түүний гэргий Хэрэйдийн гүнж Догуз хатны дундаас гарсан хүү юм. Догуз Несториан Христ шашинтан байсан бөгөөд олон шашинд хүлцэнгүй ханддаг байсан Монголчуудын оюун санааны удирдагч гэгддэг байв. Абаха өөрөө эхийнхээ нөлөөгөөр Христ шашинд ихэд талтай байсан боловч Буддын шашинтан болсон ажээ. Хүлэгүгийн хайртай хүү тэрбээр Туркестаны захирагч болсон.[1]
Хүлэгү 1265 онд өвчнөөр нас баржээ. Нас барахаасаа өмнө тэрбээр Византийн Эзэн хааны гэр бүлийн нэг охиныг Хүлэгүгийн олон эхнэрийн нэг болгохоор Византийн Эзэн хаан VIII Михаэл Палэологостой яриа хэлэлцээ хийж байлаа. VIII Михаэл өөрийн хууль бус охин Мариа Деспина Палэологинаг сонгож 1265 онд зүүн ортодокс шашны патриарх Эутхимюсыг дагалдуулан илгээжээ. Хүлэгү түүнийг ирэхээс өмнө нас барсан тул Абаха Ил Ханаар өргөмжлөгдөхдөө Мариаг хатнаа болгожээ. Абахагийн эх Догуз хатан 1265 онд мөн нас барахад оюун санааны удирдагчийн үүрэг Монголчуудын "Деспина хатан" гэдэг байсан Мариад шилжлээ. Абахагийн үеийн зарим зоосон дээр Христийн загалмайг дүрсэлж, "Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрийн өмнөөс" гэдэг Христ шашны үгийг арабаар сийлсэн байдаг.[2]
Абаха Ил Хан улсын нийслэл Табризыг Монголчуудад таалагдсан баруун хойд хээр нутагт байнга байрлуулахаар шийджээ.[3]
Тэрбээр Буддын, Христийн зэрэг зарим шашинд талтай байсан хэдий ч Исламын эсрэг үзэлтэй байв. Тэрбээр өөрийн харъяат Исламын шашинтнуудыг өөр шашинд оруулахыг оролдож, Несториан болон Буддын шашны эрх ашгийг тэднийхээс дээгүүр тавьж тэднийг өршөөлгүй хавчин дарамталдаг байлаа.
Абаха эцгийгээ нас барснаас хойш дөрвөн сарын дараа төрийн эрх мэдлийг гартаа авч, газар, захирагчийн албыг дахин хуваарилсаар хэдэн сарыг өнгөрөөжээ.[1]

[засварлах] Цэрэг дайны ажиллагаа

[засварлах] Алтан ордны улстай дайтсан нь

Ил Хан улсын Монголчууд Хүлэгү ханы үеэс хойш Алтан Ордын Монголчуудтай дайтсаар иржээ. Энэ дайн Абахагийн үед ч үргэлжилсэн бөгөөд Алтан Орд Абахаг хаан ширээнд суусны дараа хавар Ил Хан улс руу довтоллоо. Алтан Орд Египетийн Мамлюкууд хоорондоо холбоотон байсан бөгөөд Мамлюкуудын гарт байсан Сири рүү Абахаг довтлуулахгүй, хойд фронт руу анхаарлыг нь татаж сарниулахыг Алтан Орд оролдож байсан тул нь ийнхүү довтолжээ.[1] Алтан Ордын хан Бэрх 1267 онд нас барах хүртэл энэ дайсагнал үргэлжлэв.

[засварлах] Цагадайн улстай дайтсан нь

1270 онд Цагадайн Улсын Барак хан Ираныг эзлэн авах гэж оролдсоноор Херат хотод Абаха ханы эсрэг шинэ дайн эхлүүлэв. Харин Абаха хотоо амжилттай хамгаалж чаджээ.

[засварлах] Сирийг дайлсан нь

Мөн үзэх: Монголчууд Сирийг дайлсан нь

[засварлах] Христ шашинт улсуудтай харилцаж байсан нь

Абаха нь Исламын шашинт Мамлюкуудын эсрэг Өрнөдтэй хамтрахыг оролдсон олон Монгол удирдагчийн нэг байлаа. Тэрбээр 1267-1268 онд Пап лам IV Клементтэй харилцаа тогтоохыг оролдож, 1268 онд Монгол элч илгээж, Өрнөдийн орнууд болон хадам эцэг VIII Михаэлтэй хамтран Франц-Монголын эвсэл байгуулахыг зорьж байлаа. Тэрбээр Ром болон Арагоны I Хаумегээс хариу авчээ. Гэхдээ энэ нь 1269 онд Хаумег Акка руу бүтэл муутай аян дайн хийхэд хүргэсэн эсэх нь тодорхойгүй байна.[4] Абаха Арагоны ванд бичихдээ түүнийг Силисид ирвэл өөрийн дүү Ахайг угтуулж илгээнэ гэж бичжээ. Абаха мөн Английн I Эдвардад элч илгээж байсан бөгөөд 1274 онд Пап лам X Грегори руу төлөөлөгчид илгээжээ. Абахагийн нарийн бичгийн дарга Рихалдус Лионы Хоёрдугаар Зөвлөлийн хурал дээр Хүлэгү Христүүдтэй ямар найрсаг байсныг тэдэнд сануулж, Абаха Сириэс Мамлюкуудыг хөөж гаргахаар төлөвлөж байгааг батлан хэлжээ.[5]

[засварлах] Загалмайтны есдүгээр аян дайны үеэр явуулсан Абахагийн цэрэг дайны ажиллагаа (1271)


Загалмайтны есдүгээр аян дайны үеэр 1271 онд явуулсан Абахагийн жанжин Самагарын удирдсан Монгол цэргийн ажиллагаа (улаанаар тэмдэглэв)
Мөн үзэх: Загалмайтны есдүгээр аян дайн
Антиохын VI Бохемонд хадам эцэг Армений I Хетумын нөлөөгөөр 1260 онд Абахагийн эцэг Хүлэгүг хан байх үед Монголчуудад сайн дураар даган оржээ.[6] Ингэснээр Антиох, Триполи улсууд Ил Ханы вассал улсууд болжээ. 1268 онд Мамлюкийн удирдагч Бэйбарс Антиохыг эзэлсний дараа,[7] Бохемонд Триполийг нэмж алдахгүйн тулд Бэйбарстай дайнаа зогсоожээ.[8][9]
Антиох эзлэгдсэний хариуд, Английн I Эдвард 1271 онд Аккад ирж, Загалмайтны шинэ аян дайн хийхийг оролдов. Энэ оролдлого нь эцэстээ амжилтгүй болсон бөгөөд Эдвард Англи руугаа буцахын өмнө Мамлюкуудтай дайнаа зогсоож амжжээ.
Эдвард Аккад ирээд Абаха руу Режиналд Россел, Ваузын Годефрой, Паркерийн Жон нараар толгойлуулсан элч илгээж, Монголчуудаас цэргийн тусламж хүсжээ.[10] Абаха Туркестанд тулалдаж байсан боловч Эдвардын хүсэлтэд нааштайгаар хандан Селжүкийн Анатоли дахь Монгол цэргээс нэг түмэн цэргийг Самагар жанжны удирдлага дор Сири рүү илгээв.
"Энэ хэрэг явдлын талаар ярилцаад бид хүчирхэг цэргээ Семакар (Самагар) жанжнаар удирдуулан танд туслуулахаар илгээхээр тогтлоо; тиймээс та дээр дурдсан Семакарыг оролцуулсан төлөвлөгөөг өвөр зуураа хэлцэхдээ дайсантай тулалдах сар, өдрөө тодорхой бөгөөд нарийн тохирно уу."
1271 оны есдүгээр сарын 4-нд Абахагаас I Эдвардад явуулсан захидал.[11]
Монголчууд туслах Селжүк цэргүүдийн хамтаар Алеппогоос урагших нутгийг сүйтгэжээ. Хэдийгээр энэ хүч харьцангуй жижиг байсан ч гэсэн, Исламын шашинт хүн амыг (тэд урьд нь Монгол жанжин Хитбухын удирдсан цэрэг өмнө зүгт Каир хүртэл тулалдаж байсныг мартаагүй байв) зугтан дүрвэхэд хүргэв.[12] Харин Эдвард Монголчуудтай ажиллагаагаа зохицуулж, цэргээ цуглуулж чадахгүй, цэрэг дайны ямар ч амжилт гаргаж чадаагүй тул Абахагийн цэрэг яалт ч үгүй ухарчээ. Бэйбарс арваннэгдүгээр сарын 12-нд Египетэд сөрөг довтолгоо хийхэд Монголчууд ухраад аль хэдийн Евфрат мөрний цаана гарсан байлаа.

[засварлах] 1280-1281 оны аян дайн

Мамлюкуудын удирдагч Бэйбарс 1277 онд нас барлаа. 1280-1281 онд Абаха Сири рүү шинэ довтолгоон хийжээ. 1280 оны есдүгээр сард Монголчууд Баграс, Дарбсакыг авч, аравдугаар сарын 20-нд Алеппог эзлэв. Монголчууд Акка руу элч илгээж, цэргийн тусламж хүсчээ. Гэвч Загалмайтнууд Мамлюкуудтай 10 жилийн турш дайтахгүй гэсэн гэрээний хугацаа нь дуусаагүй байв. Патриархын ширээт лам Абахагийн хүсэлтэд татгалзсан хариу өгөхдөө хот өлсгөлөнд нэрвэгдсэн байгаа бөгөөд Иерусалемийн ван өөр нэг дайнд татагдан ороод байна гэсэн тайлбар өгчээ. Киприйн ван III Хюг болон VI Бохемонд мөн цэргээ хөдөлгөсөн боловч хүчин тусалж чадсангүй. Учир нь Мамлюкууд аль хэдийн Монголчууд болон тэдний хооронд цэргээ байршуулж амжсан байв.[13]
Абаха, Арменийн III Лео нар Франкчуудыг шинэ Загалмайтны аян дайн эхлүүлэхийг уриалсан боловч Мальтын орден болон I Эдвард (санхүүжилт байхгүйн улмаас ирж чадаагүй) нар л нааштай хариу өгчээ.[14] Мальтын орден Бекаа руу хамтарсан довтолгоон хийж, Султаны эсрэг хэд хэдэн удаа тулалдан[15] 1280 оны аравдугаар сард Крак де Шевальер хүртэл давшиж, 1281 оны хоёрдугаар сард Крак дахь Мамлюкийн цэргийг бутцохилоо.[13]
Монголчууд эцэст нь ухрахдаа 1281 оны өвөл буцаж ирнэ гэж андгайлав. Тэд 50000 морьтон цэрэг, 50000 явган цэрэг авчирна гэдгээ Франкчуудад мэдэгдсэн боловч энэ хүсэлтэд ямар нэг хариу өгөөгүй ажээ.[16]

[засварлах] 1281 оны намрын аян дайн


1281 оны Хомсын тулалдаанд Монголчууд (зүүн тал) ялагдсан нь.
Египетийн Исламын шашинтнууд 1271 онд 10 жилийн хугацаанд Загалмайтнуудтай тулалдахгүй байхаар тохиролцсоноо тохиролцоогоо сахин тулалдаан хийгээгүй билээ. 1281 оны тавдугаар сарын 3-нд Исламын шашинт шинэ султан Калавун Аккагийн баронуудтай дайтахгүй байх 10 жилийн гэрээ шинээр байгуулаад (энэ гэрээгээ тэр сүүлд зөрчсөн),[17] Триполийн VII Бохемондтой 1281 оны долдугаар сарын 16-нд мөн 10 жил дайтахгүй байх гэрээ байгуулав.[18]
Урьд нь зарласан Монголчуудын довтолгоо 1281 оны есдүгээр сард эхэллээ. Мамлюкуудтай дайтахгүй байх гэрээнд өөрсдийгөө захирагдахгүй гэж үзсэн III Леогоор удирдуулсан Арменчууд болон Маркабын цайзыг хамгаалж байсан 200 орчим Мальтын ордений хөлөг баатар [19][20] .[21]
1281 оны аравдугаар сарын 30-нд 50000 Монгол цэрэг, 30000 Армен, Гүрж, Грек, Маркабын Мальтын орденийн хөлөг баатрууд Исламын шашинтны удирдагч Калавунтай тулалдсан Хомсын хоёрдугаар тулалдаан болсон боловч аль тал ялсан нь тодорхойгүй өндөрлөж, хоёр тал их хохирол амслаа.[21]

[засварлах] Алагдсан нь

Абаха 1282 онд алагдсан бололтой. Түүний бэлэвсэн эхнэр Мариа Константинополь руу төрхөмдөө буцжээ. Харин эцэг нь Багдадад тохиолдсон зүйлээс нийслэл хотоо аврахын тулд түүнийг өөр нэг Монгол хантай суулгах гэж оролдов. Мариа энэ саналыг хүлээн авалгүй, гэлэнмаа болж, 1285 оны үед Панагиа Мухлиотисса сүм хийдийг байгуулжээ.
Абахагийн орыг Исламын шашинт дүү Тэкүдэр нь залгав. Тэкүдэр Абахагийн Христийг дэмжигч бодлогыг орвонгоор нь эргүүлж, Франкын нутаг дэвсгэрт дахин халдаж, 1285 онд Маргатын хойд цайз, 1287 онд Латтаки, 1289 онд Триполийг эзлэн авсан Мамлюкийн Султан Калавунтай эвслээ.[22] 1284 онд Абахагийн хүү Аргун Хубилай хаанаар дэмжүүлэн амжилттай эргэлт хийж, авга ах Тэкүдэрээ цаазаар аваачин, төрийн эрхийг өөрөө авч, Абахагийн үеийн Христ шашныг дэмжигч бодлогыг эргүүлэн тогтоожээ.

No comments:

Post a Comment