Tuesday, July 19, 2011

tului ogoodie

Тулуй

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тулуй нь (ойролцоогоор 1190 – 1232) Чингис хааны их хатан Бөртэ үжнээс төрсөн отгон хүү. 1227 онд Чингис хааныг нас барсны дараагаас 1229 онд өөрийн ах Өгөдэйг хаан ширээнд суух хүртэл хугацаанд Тулуй Их Монгол Улсыг захирч байжээ. Отгон хүү гал голомтоо сахих монгол ёс заншлын дагуу Тулуй Монголын эзэнт гүрний Монгол эх нутгийн хэсгийг захирч байжээ. Алтан улс болон Хорезмд хийсэн аян дайнд Тулуй амжилттай оролцож өөрийн цэрэг дайны хэрэгт авьяас чадварыг харуулж байсан.

[засварлах] Чингис хааны хаан ширээг залгамжлагчийг сонгосон нь

Тангудыг дахин дайлаар мордох үед Есүй хатан удам залгамжлагчийн асуудлыг гарагж тавьсан байна. Зүчи хэдий авьяаслаг удирдагч, цэргийн жанжин байсан хэдий ч Бөртэ үжнийг Мэргидээс буцаан авах үед эхийн хэвлийд байсан тул Чингисийн төрсөн хүү эсэх талаар маргаан байсан тул эвдрэл хагарал гарах магадлалтай тул түүнийг залгамжлагчаар тодруулах боломжгүй байсан байна. Ялангуяа түүний удаах дүү Цагадай эрс эсэргүүцэж байсан. Цагадай хатуу ширүүн ааштай хүн байсан тул олон үндэстнийг хамарсан том гүрнийг удирдахад зохимжтой бус байжээ. Тулуй цэргийн жанжны хувьд маш авьяаслаг, цэргийн хүч ихтэй, олон ноёдын дэмжлэг хүртсэн хүн байсан тул хаан ширээнд сууж болох байв. Харин 3 дахь хүү Өгөдэй ааш зан зөөлөн, олон талуудын эв зүйг олохдоо сайн, улс төрийн уян хатан бодлого явуулах чадвартай хүн байсан тул Чингис хаан өөрийн залгамжлагчаар Өгөдэйг заан сонгожээ. Монголын олонхи ноёдууд Тулуйг дэмжиж хаан болгохыг хүссэн боловч Тулуй эцгийн гэрээслэлийг даган ах Өгөдэйг хаан ширээнд суулгажээ.

[засварлах] Үхэл

Монголын Нууц Товчоонд бичсэнээр "1232 онд Алтан улсад хийж байсан аян дайны үеэр Өгөдэй хааны бие өвдсөнд дайн дажин сүйтгүүлсэн Хятадын Алтан улсын газар усны эзэд хилэгнэсэн байна гэж бөө нар мэргэлэн ойр төрлийн буюу алтан ургийн хүнийг золиослох хэрэгтэй гэсэнд Тулуй өөрийн саналаар адисласан усыг уун өөрийн амийг золиослон ахынхаа амийг аварсан гэж бичсэн байдаг. Тулуй үхэхийн өмнө Суут Чингис хаан эзэн минь, дээр чинь ах нар, доор чинь дүү нар байтал, хаан ах таныг агт морь шиг сорьж, ирэг хонь шиг барилж үзээд их сууринд суулгаж, олон улсыг захирах дээд үүргийг даатгав. Намайг хаан ахын дэргэд байж, мартсаныг сануулж, унтсаныг сэрүүлж яв гэсэн билээ. Одоо хаан ах чамайг алдвал, би хэний мартсаныг сануулж, хэний унтсаныг сэрүүлэх вэ? Үнэхээр хаан ах муужирвал, олон монгол улс өнчирч, Хятад улс баясах болно. Хаан ахын оронд би золио болъё! Тул загасны нурууг тунтарч явлаа, би. Хилэм загасны нурууг хяргаж явлаа, би. Илийг ялж, далдыг дарж байв. Миний нүүр гоо, нуруу өндөр биз. Бөө нар бөөлж залбирагтун! гэж хэлсэн байна."

[засварлах] Үр удам

Өгэдэй хаан

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Өгэдэй хаан
Их Монгол Улсын хаан
YuanEmperorAlbumOgedeiPortrait.jpg
Хаанчлал 1229 - 1241
Хаан ширээнд
суусан
1229
Төрсөн ~1186
Нас барсан 1241
Өмнөх хаан Чингис хаан
Дараагийн хаан Гүюг хаан
Их хатан Турхан
Хааны овог Боржигин
Эцэг Чингис хаан
Эх Бөртэ үжин
Өгэдэй хаан (1186-1241) нь Чингис хааны гуравдугаар хөвгүүн, Их Монгол Улсын хоёрдугаар Их Хаан байв.

Агуулга

[нуух]

[засварлах] Гарал үүсэл

Өгэдэй бол Монголын Боржигин овгийн хүн юм. Тэрээр 1186 онд Чингис хааны их хатан Бөртэ үжинээс төржээ. Өгэдэй Чингис хааны гуравдугаар хүү юм.

[засварлах] Бага нас

Өгэдэйн бага нас олон овог, аймгийн тэмцэл, тулааны үед өнгөрчээ. Түүнийг төрөх үед эцэг Тэмүжин нь Хэрэйдийн Тоорил хан, Жадаран аймгийн эзэн Жамуха нартай холбоотон болж, байр сууриа бэхжүүлж авсан байлаа. 1189 онд Тэмүжин Хамаг Монголын хаанд өргөмжлөгдөж, Чингис хаан хэмээх цолыг хүртэв. Энэ тухайгаа Ван хан, Жамуха нарт элч илгээн мэдэгдэхэд Ван хан хүлээн зөвшөөрч, Жамуха нилээд хоёрдмол хариулт өгчээ. Түүний дараа Жамухагийн дүү Чингис хааны нэгэн харъяат албат Жүчи Дармалагийн адууг хөөж яваад Жүчи Дармалад алагдсан явдал гарав. Жамуха үүнийг сонсоод Жадаран аймгийн 13 хүрээний 30000 цэргийг удирдан Чингис хааныг дайлаар ирэхэд Чингис хаан мөн 30000 цэргээр угтан очиж байлдаад Онон мөрний Зээрэн хавцалд шахагджээ. Жамуха Чингис хааныг Зээрэн хавцалд шургалуулав гээд буцах замдаа Чинос овгийн залуусын далан тогоонд буцалгаж, Нэгүд овгийн Цагаан гуагийн толгойг огтолж, морины сүүлэнд чирч одсон хэмээн Монголын нууц товчоонд тэмдэглэсэн байдаг. Жамуха яагаад буцсан нь тодорхойгүй юм. Түүний дараа Ван хан өөрийн дүү Эрх хартай муудалцахад Эрх хэр Найманы цэргийг Хэрэйдэд авч ирж, Тоорил ханыг устгахыг оролджээ. Тоорил хан Чингис хаанаас тусламж хүсэхэд Чингис хаан хүлээн авч, Найманы цэргийг бут цохиход Эрх хар Тангуд руу зугатжээ. Түүний дараа Чингис хаан, Тоорил хан нар Алтан улсын цэрэгтэй холбоолон Татаруудыг довтлон эрхэндээ оруулсан байна. Алтан улсын цэргийн жанжин Вангин чинсан Тоорил ханд ван цол, Чингис хаанд чаутхури цол олгожээ. Энэ үед Жүрхин аймаг Чингис хааны ордыг довтолж түйвээсэн тул Чингис хаан Жүрхинийг довтлон бут цохиж, толгойлогчдыг нь цаазаар авчээ. 1198 онд Чингис хаан Мэргидийг хоёр удаа довтолсоны дараа 1199 онд Ван хантай хамтран Найманы Хүчүгүд Буйруг ханыг довтлон алав. Тэд буцах замдаа Найманы Таян ханы илгээсэн Хүгсэү Сабраг баатрын цэрэгтэй тулгарч дайтах болоход Ван хан Жамухагийн ятгалганд автаж, шөнө дөлийг далимдуулан Чингис хааныг орхин оджээ. Чингис хаан өглөө болсон хойно үүнийг мэдээд нутгийн зүг ухран одсон аж. Хүгсэү Сабраг баатар Ван ханы араас нэхэж очоод түүний эхнэр, хүүхэд, ихэнх харъяат албатыг олзлон авав. Ван хан Чингис хаанаас дахин тусламж хүсэхэд Чингис хаан өөрийн жанждаа явуулж, Найманы цэргийг цохин ухрааж, Ван ханы эхнэр, хүүхэд, харъяат албатыг эргүүлэн өглөө. Энэ үед Өгэдэй эцэг, эхийн дэргэд байсан нь тодорхой юм.

[засварлах] Залуу нас

1200 онд Хатагин, Салжиуд, Тайчууд, Дөрвөд, Хонгирад зэрэг аймгууд Чингис хаан, Ван хан нарын эсрэг холбоо байгуулан дайлаар ирэхэд Чингис хаан, Ван хан нар эсэргүүцэн байлдаж, бут цохив. 1201 онд Найманы улс хоёр хуваагдаж, ах, дүү Таян, Буйруг нар хуваан захирав. 1201 онд Тайчууд, Хонгирад, Ихирэс, Горлос, Дөрвөд, Хатагин, Салжиуд, Татар, Ойрад, Найман аймгууд Чингис хаан, Ван хан нарын эсрэг холбоо байгуулж, Жамухаг холбооныхоо удирдагчаар томилж, Гүр хан цол олгожухуй. 1202 онд Жамуха нарын холбоотны цэрэг Чингис хаан, Ван хан нартай тулалдаад бут цохигдсоноор энэ холбоо задарлаа.

[засварлах] Төрийн хэрэгт оролцож эхэлсэн нь

1203 онд Чингис хаан, Ван хан нар хоорондоо эвдрэлцэн тулалдахад Өгэдэй хүзүүндээ шархадсан хэмээн Монголын нууц товчоонд бичжээ. Чингис хаан хүчээ хуримтлуулаад Ван ханыг гэнэдүүлэн довтолж, Хэрэйдийг эрхэндээ оруулсан байна. 1204 онд Чингис хаан Найманы улсыг эзлэн авчээ. 1206 онд Чингис хаан Их Монгол улсыг тунхаглан зарлаж, цэрэг, засаг захиргааны шинэчлэлт хийсэн юм. 1207 онд Чингис хаан Тангуд улсыг довтлоход Өгэдэй явалцсан бололтой байдаг. 1209 онд Чингис хаан Тангуд улсыг дахин довтлоход Тангуд улсын хаан бууж өгснөөр Тангуд улс Монголын хараат болов. 1211 онд Чингис хаан Алтан улсыг довтолход Өгэдэй хамт явав. Энэ дайнаар Алтан улсын олон хот, тосгоныг эзлэн авчээ. 1211 онд Ляодунд байсан Алтан улсын харъяат Хидан цэргийн жанжин Ельюй Люгэ Алтан улсын эсрэг бослого гаргахад Чингис хаан Ельюй Люгэтэй холбоотны эгрээ байгуулж, Алтан улстай хамтарсан хүчээр дайтаж эхлэв. Энэ аян дайн 1214 онд хоёр улс найрамдлын гэрээ байгуулснаар дуусчээ. 1214 онд Алтан улс нийслэлээ өмнө зүгт Нанжин хотод шилжүүслснийг Чингис хаан сонсоод Алтан улсад довтлон ороход Өгэдэй мөн хамт явалцсан бололтой байдаг. Энэ дайнаар Алтан улсын нийслэл Жүндү хотыг эзлэн авснаар барахгүй Хатны голоос хойших Алтан улсын бүх нутгийг эзлэн авлаа. 1215 онд Ельюй Люгэг дарахаар илгээгдсэн Алтан улсын жанжин Пусянь Ванну Монгол цэрэгт ялагдаж, хүчин сулармагцаа Ляоянь хотод өөрийгөө ван өргөмжилж, Их Цзинь улсыг (Да Цзинь улс хэмээх нэртэй байсан бөгөөд зүүн Зүрчин улс хэмээн нэрлэх явдал ч байдаг) байгуулснаа зарлалаа. Энэ мэдээ Алтан улсын эрх баригчдад том цохилт болсон юм. 1215 онд эхэлсэн энэ дайн 1216 онд үндсэндээ төгсгөл болсон боловч хоёр улсын хооронд найрамдлын гэрээ байгуулагдсангүй. Ельюй Люгэ өөрийн эзэмшил дэхь цэрэг, улс төрийн байдал сайжирмагц Чингис хаанд бараалхахаар Монгол руу явсан хойгуур Хиданы Ешибү хэмээх ахлагч харъяат албатаа авч, Амнук голыг гаталж, 1216 оны хавар Жин хотод төвлөрч Их Ляо улсыг сэргээн байгуулснаа зарлан тунхаглалаа. Гэвч Ешибү 70 хоногийн дараа харъяат иргэдийнхээ үймээний үеэр алагдаж, Голу хэмээгч төрийн эрхийг шүүрэн авав. 1216 оны намар Голу Ляодуныг эзлэхийг оролдоод Ельюй Люгэгийн дагуулж ирсэн Монгол цэрэгт цохиулан ухрахдаа Алтан улсын цэрэгтэй тулгаран цохигдоод Амнук голын чанадад дутаан гарчээ. Түүний дараа Жинсэн гэгч Голуг хороож, төрийн эрхийг авав. 1218 онд Жинсэнийг Дунгуй хороож, сууринд суусан боловч Ханса хэмээгч түүнийг хороолоо. Хэдийгээр эдгээр Хиданчууд өөр хоорондоо хагаралтай байсан боловч Гүрёо улсад довтлон шахамдуулах нь түгээмэл байлаа. 1218 оны 12-р сард Монголын цэрэг Хиданы оргодол цэргийг дарах зар тарааж, Гүрёо улсын Ган Дон цайзад хүрч, Гүрёо улстай гэрээ байгуулж, Хиданы цэргүүдийг дарсан байна.

[засварлах] Хорезм улсын эсрэг аян дайнд

Найман улсын хан хүү Хүчүлүг Хар Хидан улсад зугатан очоод төрийн эргэлт хийж, засгийн эрхийг гартаа авсан мэдээг Чингис хаан сонсоод 1216 онд түүнийг устгахаар Зэв ноёны цэргийг Хар Хидан руу илгээв. Хүчүлүг өөрөө буддын мөргөлтөн тул Хар Хидан улсын Лалын шашинт ард иргэдийг хавчин гадуурхах болсноос Хар Хиданд Хүчүлүгийн эсрэг бослого гарах болжээ. Зэв жанжин үүнийг ашиглаж, Хар Хидан улсын нутагт орохдоо "...Хүчүлүгийг цохихоос өөр зорилго үгүй. Та нараас юу ч үл олзолмой. Хүн бүхэн өөр, өөрийн шашнаа шүтэж сахитугай" хэмээн зар тараажээ. Үүний үр дүнд Хар Хидан улсын ард иргэд Монголын цэргийг найртайгаар угтан авсан байна. Хүчүлүг ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж чадалгүй Бадахшаны уулс руу зугатаж очоод тэндээ үхжээ. Ийнхүү Хар Хидан улс Монголын захиргаанд орсноор Монгол улс Хорезм улстай хиллэх болжээ. Хорезмын шах Монгол улстай эхэндээ найрсаг харилцаж байв. Харин 1218 онд Хорезм улсын Отрар хотын дарга Инальчук хотдоо ирсэн Монголын худалдаачдыг алснаар Монгол, Хорезмын харилцаа хурцаджээ. Чингис хаан элч илгээж, Хорезмын шах Мухаммедаас Инальчукийг барьж тушаахыг шаардахад Мухаммед шах очсон гурван элчийн хоёрыг нь алж, нэгийнх нь сахлыг огтолж, доромжлон буцаажээ. Чингис хаан дахин элч илгээж, Инальчукийг барьж тушаахыг шаардсан боловч Хорезмын шах элчийг алжээ. Түүний улмаас 1218 оны сүүл үед Чингис хаан Хорезмын эсрэг аян дайнаа эхэлжээ. Ингэхдээ Тангуд улсаас туслах цэрэг гаргаж өгөхийг шаардсанд Тангуд улс татгалзсан байна. Чингис хаан Тангуд улсыг дараа дайлахаар шийдээд Хорезм руу Зэв ноёны цэргийг эхэлж явуулаад дараа нь их цэргээ дөрвөн хэсэгт хуваан довтолжээ. Цагадай, Өгэдэй нарын цэрэг Отрар хот руу хөдөлсөн ажээ. Цагаадай, Өгэдэй нарын Отрар хотыг таван сар бүслэн байлдсаны эцэст хотыг эзэлж, Инальчукийг баривчлан Бухар хотод байсан Чингис хаан руу илгээхэд Чингис хаан Инальчукийг ам, хамарт нь хайлуулсан мөнгө цутгаж алжээ. Мухаммед шах өөрийн сууж байсан Хорезмын нийслэл Самарканд хотоос зугатан гарч, баруун зүгт оджээ. Чингис хаан түүнийг бариулахаар Зэв, Сүбэдэй нарын цэргийг илгээсэнд Хорезмын шах Каспийн тэнгисийн нэгэн жижиг арал дээр очоод өөрийн хүү Желал Ад Динийг Хорезмын шахад өргөмжилж, эх газар руу үдэн гаргажээ. Хорезмын шах тэндээ удалгүй нас баржээ. Желал Ад Дин Хорезм улсын өнцөг булан бүрээс цэрэг дайчилж, хүчээ нэмэгдүүлэв. Энэ үед Чингис хаан Зүчи, Цагадай, Өгэдэй, Боорчи нарыг Хорезмын шахын эх Турхан хатны сууж байсан Ургенч (Гүрганж) хотыг эзлүүлэхээр илгээжээ. Желал Ад Дин Ургенч хотод ирж, төрийн хэргийг хамааран суусан боловч Кипчак түшмэлүүд түүнийг хороохыг оролдсон учир хотыг орхин оджээ. Түүний дараа Турхан хатан Мухаммед шахын хатад, хөвгүүд, охидыг дагуулан Илал цайзад очиж нуугдсан боловч Сүбэдэй жанжны цэрэг Илал цайзыг бүслэн хаасан тул бууж өгчээ. Турхан хатан Кипчак аймгийн хүн байсан тул Чингис хаан Турхан хатнаар дамжуулан Кипчакуудыг өөртөө татах бодлого явуулсаны үр дүнд Кипчакууд Монголын цэргийн бүрэдэхүүнд олноороо орох болсон байна. Энэ үед Зүчи, Цагадай, Өгэдэй, Боорчи нарын цэрэг Ургенч хотыг эзлэн авчээ. Желал Ад Дин Бараан хээр хэмээх газарт Шихихутагийн цэргийг бут цохисон боловч дайны олзыг хэрхэн хуваахаас болж хоорондоо эвдрэлцээд цэргийнх нь нэг хэсэг түүнийг орхин одов. 1221 онд Чингис хааны цэрэг Инд мөрний эрэг дээр Желал Ад Динийг гүйцэн очиж, тулалдан бут цохив. Желал Ад Дин Энэтхэг рүү зугатан оржээ. 1224 онд Монголын цэргийн Хорезмыг дайлах аян дайн дуусаж, Хорезм улс мөхлөө.

[засварлах] Эзэмшил нутаг авсан нь

1223 онд Чингис хаан нутгийн зүг хүлгийн жолоо залж, Самарканд хотод хүрч өвөлжив. Улмаар 1224 онд Эрчис мөрний эхэнд очиж, их хуралдай хийж, эзлэгдсэн газар нутгийг дөрвөн хүүдээ хувааж өгчээ. Зүчид Түркестаныг, Цагадайд Мавереннахрыг, Өгэдэйд Долоон мөрөн, Зүүнгарыг, Тулуйд Монголын нутгийг хувааж өгөв.

[засварлах] Тангуд улсын эсрэг аян дайнд

Тангуд улс Чингис хааныг Хорезм улсад дайтаж байгааг ашиглан Монголын эсрэг Алтан улстай холбоо байгуулжээ. Чингис хаан Алтан улсыг дайлахад саадгүй болгохын тулд 1225 онд Ельюй Чуцай, Өгэдэй, Тулуй, Боорчи, Сүбэдэй нарыг дагуулан Тангуд улс руу дайлаар мордов. 1226 онд Монголын цэрэг Эзний голын чиглэлээр давшиж буй мэдээг Тангудын хаан сонсоод Эзний голын гүүрийг эвдэхийг тушаав. Гэвч Сүбэдэй жанжны цэрэг гүүрийг ганц шөнийн дотор засаад Эзний голыг гатлан Эзний голын орчим суудаг Шар Уйгур угсаатнаас бүрдсэн Тангуд улсын цэргүүдийг бут цохиж, Эзний хотыг эзлээд тэндээсээ хойш эргэн Морин голын баруун хөвөө, Гашуун нуур орчмоор сууж байсан Тангудын холбоотон овог аймгуудыг бут цохижээ. Монголын цэрэг Наньшаны нуруунд хүрэв. Наньшаны нуруунаас хөдөлсөн Монголын баруун замын Монгол, Уйгур цэргүүд Суло мөрний хөндий рүү цөмөрч, Тангудын нутгийг дундуур нь хоёр хуваан салгаад Шачжоу хотыг эзлэн авчээ. Монголын зүүн замын цэрэг Сучжоу хотыг эзэлж, цааш давшин их торгоны замын томоохон хот Ганьчжоуг дайран эзэлжээ. 1226 оны 7-р сард Ли Сян Тангудын хаанд өргөмжлөгдөв. 1226 оны 8-р сард Чингис хааны цэрэг Силян хотыг Шилю, Хэйлю хэмээх хоёр дагуул хотынх нь хамт эзлээд говь талын хормойгоор явж, Инли хотыг авснаар Хатны голын дээд гарам Есөн олмыг гартаа оруулжээ. Монголын цэрэг Хатны голыг Есөн олмоор гатлан 1226 оны өвөл Тангуд улсын дэд нийслэл Түрэмгий балгасыг бүслэн авахад Тангудын хаан Ли Сян 150000 цэргээр эсэргүүцэн байлдаад бут ниргүүлж, Иргай хотдоо зугатаж очжээ. Чингис хаан Түрэмгий балгасыг эзлээд цааш давшин Иргай хотыг бүслэв. Гэвч хотыг бүслэн байлдах амаргүй, хотын хэрэм бэхлэлт сайн болохыг үзээд хэсэг цэргээр бүслүүлэн орхиод цааш давшиж, 1227 оны эхэн үед Хатны голыг зүүн тийш гатлан Тангуд улсын дорнод хилийн хотуудыг дайлжээ. 2-р сард Линьтаофу хот, 3-р сард Тучжоу, Хойчжоу, Сининчжоу хотууд Монголын цэрэгт эзлэгдэв. 1227 оны 4-р сард Чингис хаан Алтан улсын нутагт цөмөрч, Люпаньшань уулын зүүн хормой дахь хотуудыг нь эзэллээ. Энэ үед Чингис хаан Цагаан ноёныг Ли Сянд элчээр илгээж, бууж өгөхийг шаардсанд Ли Сян арга буюу бууж өгөхийг зөвшөөрчээ. Удалгүй Тангуд улс бууж өгч, Монголын захиргаанд орлоо. Энэ үед Чингис хаан Алтан улсын нутагт дайтаж байгаад 1227 оны намрын тэргүүн сард нас барсан учир Монголын их цэрэг нутгийн зүг хүлгийн жолоо залжээ.

[засварлах] Төрийн эрхийг авсан нь

1227 онд Чингис хаан нас барсны дараа түүний отгон хүү Тулуй хоёр жил орчим төрийн хэргийг хамаарчээ. Тулуй Алтан улстай дайтаж байсан дайныг идэвхигүй явуулж байсан тул Монголын цэрэг 1227 оны сүүлчээр л Ганьсу мужийн зүүн өмнөд хэсэг, Шэньси мужийн өмнөд хэсгийг эзэлж дуусгалаа. 1228 онд Монголын цэрэг Зүрчидийн цэргээс Дачанюань суурины дэргэд том ялагдал хүлээв. Цагаадай тэргүүтэй хан хөвгүүд, Ельюй Чуцай тэргүүтэй төрийн сайдууд, Сүбэдэй тэргүүтэй цэргийн жанжид Тулуйд бараалхаж, Өгэдэйг сууринд суулгах Чингис хааны гэрээслэлийг сануулахад Тулуй зөвшөөрч, их хуралдай хуралдахаар зарлажээ. Чингээд 1229 оны 8-р сард Хэрлэнгийн Хөдөө арал хэмээх газарт их хуралдай хуралдаж, Өгэдэйг Их Монгол улсын хаанд өргөмжилжээ. Энэ их хуралдайгаар Алтан улсыг мөхөөх, Монголын элчийг алсан ял тулгаж Гүрёо улсыг дайлах, Хорезмын үлдэгдлийг устгах, Их Монгол улсын баруун талаас дайсагнаж буй Кипчакуудыг номхотгох, Их Монгол улсын баруун талын хилийн байдлыг түвшитгэх зорилго тавьсан юм.

[засварлах] Хорезмын үлдэгдлийг устгасан нь

Хорезмын султан Желал Ад Дин Энэтхэгээс Хорезмд буцан ирсэн боловч өөрийнхөө эзэмшил нутгийг Ирак, хойд Сири, Гүржийн нутгаас тасдан авах замаар өргөжүүлэх бодлого явуулж, өргөн хэмжээтэй аллага хядлага дэгдээсэнээс ойрхи дорнодын Христос болон Лалын шашинт орнууд бүгдээрээ түүний эсрэг ханджээ. 1229 онд Желал Ад Дин хойд Месопотамид цөмрөн орж, Калат хотыг зургаан сар бүслэн байлдсаны эцэст эзлэн авлаа. Энэ үед умард Сири, Рүмийн султан нар болон Месопотамийн эмир нар Желал Ад Диний эсрэг гурамсан эвсэл байгуулж, улмаар түүнд цохилт өгч Хой хот хүртэл үлдэн хөөжээ. Түүнийхээ дараа тэд дипломат бодлого явуулж, Желал Ад Динийг аргадсаны үр дүнд Желал Ад Динаас өөрсдийнх нь эзэмшил рүү дахин довтлохгүй гэсэн тангараг авлаа. Энэ үед Их Монгол улсын баруун хилийг манаж байсан Чурмаган жанжин Өгэдэй хааны зарлигаар Желал Ад Диний эсрэг дайны ажиллагаа эхлэв. Чурмаганы цэрэг Хорасан руу давшиж, Хорезмын тагнуулчид болон харуулын ангиудыг устгасаар 1230 оны сүүл үед өмнөд Азербайжанд цөмрөн ороход Желал Ад Дин ямар ч мэдээлэлгүй ан ав хийж байжээ. Монголын цэрэг Желал Ад Динийг 1231 онд Муганы талд бут цохиод нэхэн байлдахдаа замдаа таарсан хотуудыг авах тулалдаан хийхгүйгээр шуурхайлан давшиж байсан тул Желал Ад Диний байдал хүндэрчээ. Үүний улмаас Желал Ад Дин өөрийн өргөөг Исфахан хот руу шилжүүлэх гэж байснаа больж, Рүмийн султант улсыг эзэлж, түүний хүчин чадлыг Монголчуудын эсрэг ашиглах бодлого баримтлан цэргээ өрнө зүг рүү эргүүлэв. Гэвч Амид хотын дэргэд Монгол цэрэгт бүслэгдэн бут цохиулжээ. Желал Ад Дин бүх цэргээ алдаад ганц биеэр Күрдистаны ууланд тэнүүчилж яваад амиа алджээ.

[засварлах] Рүмийн султант улсын бодлого

1231 оны намар Чурмаган жанжин Желал Ад Динийг сөнөөсний дараа өмнөд Азербайжаны Хлат зэрэг хотуудыг эзлэн авч Монгол гүрний баруун хилийг сахин суулаа. Энэ явдал Монгол гүрний баруун хилийг Рүмийн султант улсын хил хүртэл өргөтгөв. Сельжүкийн Рүмийн султант улс шинэ дайчин хөршөөсөө хамгаалах хамгийн сайн арга бол Монголд цэргийн хүчийг үзүүлж, өөдөөс нь газар нутгаа өргөтгөн түрэх явдал хэмээх шийдвэр гаргаж, 1232 онд Хлат хотыг эзэлж, 1234 онд Харбет хотыг эзлээд Кавказын нурууны баруун өмнөд талаас довтолж эхлэв. Үүний улмаас Армений өмнөд хил дээр Рүмийн султант улс Монголын цэрэгтэй мөргөлдөх шинжтэй болжээ.

[засварлах] Алтан улстай хийсэн дайн

Монголын төрийн эрх баригчид Тангуд улсыг мөхөөсний дараа Алтан улсыг бүрэн ганцаардуулах зорилгоор Алтан улсын эсрэг Сүн улстай холбоо тогтоох бодлого явуулах болов. Үүний үр дүнд Алтан улсын эсрэг Монгол улс, Сүн улсын эвсэл гарч иржээ. Монголчууд Алтан улсыг хавчин цохихын тулд Сүн улсаас Алтан улс руу нэвтрэх зам зээлэхийг хүссэнд Сүн улсын төрийн эрх баригчд хоорондоо санал зөрөлдсөн тул энэ асуудал хойшилжээ. 1230 онд Өгэдэй хаан гурван замаар Алтан улс руу довтолжээ. Тулуй, Мөнх нарын удирдсан Монголын баруун замын цэрэг Шэньси мужийн хойд хэсэгт орших Цзиньчжоу, Финсянь, Тунчжоу гэдэг гурван хотын завсрын 60 гаруй бэхлэлтийг эзэлж, Вэй голыг гаталж, Хуачжоу хотыг дайран эзэлсэнд Зүрчидийн цэргийн гол хүч дорно зүг рүү ухарч, Выньсянь хотод төвлөрлөө. Энэ явдал Ванъян Хада, Ира Буха нарын удирдсан Зүрчидийн шилмэл цэрэг Тунгуанаар дамжин ирэх замыг хааж, гол хүчдээ Финсянийг довтлон эзлэх боломжийг хангаж өгчээ. 1231 оны хавар Монгол цэргүүд Финсянь, Сианьфу, Хэчжун хотуудыг эзлэн авчээ. Зүрчидийн Айцзун хаан Ванъян Хада, Ира Буха нарыг Финсяньд туслахыг тушаасанд тэд Монгол цэргийн гол хүчтэй тулалдахаас зүрхшээж, хүч хүрэхгүй хэмээн элдэв шалтаг хэлж хөдлөхгүй суусаар байв. Монголын зүүн замын цэрэг Нанжин хотыг хойд талаас нь хамгаалж байсан Вэйчжоу хот руу Зүрчидийн У Сянь жанжны цэргийг шахан оруулж, бүслэн хаалаа. Хэдийгээр Ванъян Хада, Ира Буха нар У Сяньд өм цэргээр тусалж байсан боловч 1232 оны цагаан сард Тастогос жанжны цэрэг Ванъян Хадагийн өм цэргийг бут цохиж, Вэйчжоу хотыг эзлэв. Финсянийг эзэлж авсны дараагаар Тулуй ноён олзлогдсон Зүрчид жанжин Ли Чан Гүйг байцааж, Фынянаас Баоцзы, Ханьчжунфугаар дамжиж, сар хүрэхгүй яваад Хэнань мужид нэвтэрч, Танчжоу, Дэньчжоу хотуудад хүрэх зам байдгийг мэдэж авав. 1231 оны хаврын сүүл сард Өгөөдэй хаан цэргээ татаж, цагаан хэрмийн ард Их ус хэмээх газарт зуныг өнгөрөөв. Их усанд байхдаа Өгөөдэй хаан их хуралдай зарлан хуралдуулж, цаашдын дайны төлөвлөгөөг боловсруулан гаргажээ. Энэ төлөвлөгөөний дагуу Чингис хааны гэрээсийн дагуу Сүн улсаас зам гуйхаар Жубханыг Сүн улс руу элчээр илгээх, баруун замын цэрэг Алтан улсын морин цэргийн анхаарлыг өөртөө татаж, гол хүчээ Хатны голыг гатлах боломжийг хангах, гол замын цэрэг Лоян хот орчмоос Хатны голыг гатлан давших, зүүн замын цэрэг Шандунь мужийн Цзинань хотоос Нанжин хот руу довтлох, бүх цэрэг 1232 оны цагаан сард Нанжин хотод уулзахаар болжээ. Сүн улс руу зам гуйхаар Жубхан тэргүүтэй элчийг илгээхэд тэд Сүн улсын Сычуань мужийн Мяньчжоу хотын захирагч Жан Сывэньд алагджээ. Өгэдэй хаан үүнийг сонсоод зам нэвтэрхэд хэрэгтэй нутгийг цэргийн хүчээр булааж авахаар шийдэж, Тулуй ноёны удирдсан баруун замын цэргийг илгээв. Тулуй Финсяньд хүрээд цэргээ хоёр хувааж Сычуань мужийн олон хотыг эзэлж, Сычуань мужийг шахамдуулахад Сычуань мужийн эрх баригчид Монголын цэргийг нутгаараа замчлан Дэнчжоу хот хүргэхийг зөвшөөрчээ. Монголын гол замын цэрэг Датун хотоор дайран Шаньси мужийг уруудан давшсаар Хэцзинь хотыг эзэлж, Хэнань мужид нэвтрэн Лоян хотод хүрч, Байпо гармаар Хатны голыг гаталжээ. Айцзун хаан Монголын цэрэг Хатны голыг гаталсныг мэдэлгүй Хатны голын олмыг сахиулахаар 20000 цэрэг илгээсэнд тэд Хатны голд дөтөлж ирээд Монгол цэргийн байрлалыг хармагцаа буцав. Ванъян Хада, Ира Буха нар Дэнчжоу хотын орчимд Тулуйн цэрэгтэй тулалдаад их хохирол үзэн ухарчээ. Монголын цэрэг Хатны голыг гаталсанд балмагдсан Айцзун хаан Ванъян Хада, Ира Буха нарыг Нанжин руу ирэхийг тушаажээ. Тэд Нанжин руу хөдөлсөн боловч Тулуйн илгээсэн 3000 цэрэгтэй Юйчжоу хотын орчимд цасан шуурганаар гурван хоног тулалдан саатжээ. Энэ үед Өгэдэй хаан Бэлгүдэйн хүү Хада, улсын тайш Тастогос нарт 1000 цэрэг өгч илгээжээ. Энэхүү хамтарсан цэрэг Ванъян Хада, Ира Буха нарын цэргийг бүслэн авав. Тэнгэр гиймэгц Монголын цэрэг Юйчжоу хотын зүг зориуд зам тавьж өгч, Зүрчидийн цэргийг гаргаад хоёр талаас нь хавчин хиартал цохижээ. Ванъян Хада, Ира Буха нар Монголын цэрэгт баригдан цаазаар авахуулжээ. Телиншань уулын хавцал сахин Выньсянсян хотод төвлөрч байсан Зүрчидийн цэргийг Монголчууд Сүн улсын Сычуань мужийн нутгаас ар хударгаар нь довтолж бут цохив. Нийслэлдээ шахамдсан Айцзун хаан Тунгуань болон Вэньсянд байрласан цэргээ дуудуулсан байна. Уг цэргийг удирдаж байсан Тундан Узянь бүх цэргээ авч Нанжин руу нэвтрэхийг оролдоод Монголын зүүн замын цэрэгт бут цохиулжээ. 1232 онд Алтан улсын цэргийн хүчин үндсэндээ бут цохигдсон тул Өгэдэй хаан Тулуйн хамт гэдрэг эргэж, Сүбэдэй баатарт Нанжин хотыг эзэлж, Хэнань мужийг түвшитгэхийг даалгажээ. 1232 оны зунаас Сүбэдэй баатар Нанжин хотыг бүслэн байлдсан боловч хотынхон ширүүн эсэргүүцэл үзүүлсэн байна. Сүбэдэй баатар Айцзун хаанд байлдаанаа зогсоох санал тавьсанд Айцзун хаан зөвшөөрсөн тул Монгол цэрэг байлдаанаа зогсоож, Хатны голын хойд талд гарав. Гэвч удалгүй Нанжин хотод өлсгөлөн эхэлж хүчин мөхөсдөж эхлэв.

[засварлах] Алтан улсыг мөхөөсөн нь

Байлдаан завсарлаад гурван сар өнгөрсөний дараа Монголын Танчин тэргүүтэй 30 элчийг Зүрчидүүд итгэл эвдэн хороосон тул хоёр улсын түр найрамдал хүчингүй боллоо. 1233 оны 1-р сард Өгэдэй хаан Сүн улсад элч илгээж, Нанжин хотыг хавсран байлдах санал тавьж, Хэнань мужийг Сүн улсад өгөхөөр амлажээ. Сүн улсын Лицзун хаан Өгэдэй хааны саналыг хүлээн авснаар Монгол улс, Сүн улс хоёр Алтан улсын эсрэг улам ширүүн дайтах болсон юм. 1233 оны хаврын тэргүүн сард Айцзун хаан Нанжин хотыг орхин Хүйдэ (Шанцю) хотод очив. Сүбэдэй баатар үүнийг сонсоод Нанжин хотыг бүслэн байлдаж, 1233 оны 4-р сард эзлэн авлаа. Энэ үед Монголын цэрэг Хүйдэ хотыг бүслэн байлдсан боловч хотыг тойрсон сувгийн ус хэрэм эвдэх зэвсэг ойртуулах боломжийг хааж, хүн хүч дутагдаж байсан тул ухарчээ. Түүний дараа Өгэдэй хаан Сүн улсаас цэргийн хүнс гуйхаар Ли Бинжуйг элчээр илгээсэнд түүнийг хил дээрээсээ хөөж буцаасан байна. Энэ явдал нь Сүн улс цаашид Монголтой найрсаг харилцахгүйг дохиолж байлаа. 1233 оны 6-р сард Айцзун хаан Хүйдэ хотыг орхин гарч, Цайчжоу хотод очжээ. Тэрээр Сүн улсыг Монголоос салгахын тулд Сүн улсад элч илгээж, Монголын эсрэг хамтран дайтах санал тавьсан боловч бүтсэнгүй. 1233 оны 11-р сард Сүн улсын Лицзун хаан 50000 цэрэг илгээж, Нанжин хотыг Монголын цэрэгтэй хавсран байлдаж, 1234 онд Цайчжоу хотыг эзлэн авахад Айцзун хаан амиа хорлон үхжээ.

[засварлах] Их Цзинь улсыг мөхөөсөн нь

Их Цзинь улс Гүрёо улсыг нөлөөндөө оруулах бодлого явуулсан боловч бүрэн бүтэлгүйтмэгцээ Гүрёо улсын талаар худал цуу тарааж, Гүрёо улс Монголоос урваж, харилцаагаа тасалсан хэмээн хоёр улсын хооронд яс хаяхыг оролдож байв. Гэсэн хэдий ч Гүрёо улс Монголтой найрсаг харилцах бодлогоо үргэлжлүүлсээр байв. 1215 оны хаврын тэргүүн сард Гүрёо улсад очсон Монголын элч буцах замдаа Амнук голын орчимд оршдог Хам Син Жин цайзад алагдсан нь Монгол, Гүрёо улсын харилцаанд үл итгэлцэх уур амьсгал авч ирж, зургаан жилийн турш хоорондоо харилцсангүй. Монголын тал элчээ Гүрёочууд алсан хэмээн үзэж байхад Гүрёогийн тал элчийг Гүрёо маягаар хувцасласан Их Цзинь улсын иргэд алсан гэж үзэж байв. Монголын Саридай жанжин Гүрёо улсад давшин байлдаж байх хойгуур Их Цзинь улсын цэрэг Гүрёо улсад халдаж, Гүрёо улсын зүүн хойд зүгийн Хуа хотын захирагч Сон Догийг барьцаалан авч оджээ. Энэ явдал нь Их Цзинь улс Гүрёо, Монголын дайныг далимдуулан Гүрёо улсад цохилт өгөх зорилготой байгааг харууллаа. Гэсэн ч Гүрёо улсын эрх баригчид үүнийг үл хайхран Их Цзинь улсад элч илгээж, Монголын эсрэг хамтран тэмцэхийг уриалан тусламж хүсчээ. Мөн хэрэм бэхлэлтээ сайжруулах, цэрэг татах, сүм хийддээ хараалын ном уншуулах зэрэг ажил хийхийн зэрэгцээ Алтан улсад элч илгээж тусламж хүсч байв. Монголтой тогтоосон холбоондоо улс төрийн далд тооцоогоор хандаж, хоёрдмол бодлого явуулж байсан Их Цзинь улсыг дайлах шийдвэрийг Өгэдэй хаан 1233 оны хавар гаргаж, өөрийн хүү Гүюгийн цэргийг илгээв. Гүюгийн цэрэг Их Цзинь улсад цөмрөн орж, нийслэлийг нь бүслэн ширүүн тулалдаж эзлэн авч, Пусянь Ваннуг олзлон Их Цзинь улсыг мөхөөжээ.

[засварлах] Их Монгол улсын Гүрёо улс руу хийсэн анхны довтолгоон

1229 оны их хуралдайгаар Монголын элчийг алсан ялыг асууж, Гүрёо улс руу довтлох шийдвэр гаргажээ. Энэ шийдвэрийн дагуу Саридай жанжны цэрэг 1231 оны 8-р сарын 29-нд Амнук голыг гаталж, Хам Син Жин цайзыг бүслэн авч, ял асуун "Бид Монголын цэрэг байна. Та нар үтэр түргэн бууж өг. Эс бөгөөс бүгдийг чинь устгана" хэмээн мэдэгджээ. Хам Син Жин цайзын захирагч Ким Ган ихэд ширвээтэн айж, бууж өгчээ. Гүрёо улсын төрийг атгаж байсан цэргийн жанжин Чве У Монгол цэрэг халдан орсныг сонсоод гурван бүлэг цэргийг хөдөлгөн Монголын цэргийг тогтоон барих, их жанжин Чве Сон Йөнийг хойд хязгаарын морьт элчээр томилох, бүх мужаас цэрэг татах шийдвэр гаргалаа. 9-р сард Саридай жанжин Хуан, Пон, Сөн, Куаг зэрэг хотуудыг эзлэн аваад 10-р сарын 1-нд Пхйөн Жү хот руу элч илгээсэнд Гүрёочууд баривчлан хорьж, энэ тухай эрх баригчиддаа мэдэгджээ. Гэтэл Гүрёо улсын эрх баригчидын нэгэн хэсэг нь элчийг хороо гэхэд нөгөө хэсэг нь элчийн ирсэн хэрэг зоригийг мэдэх хэрэгтэй хэмээн маргалдаж санал зөрөлджээ. Эцэст нь сайд Ким Хё Инийг илгээж, элчийн авч ирсэн захидлыг нягтлуулахад "Бидний Монгол цэрэг Хам Син Жинд анх орж ирэхдээ угтан дагасан бүхнийг алалгүй өршөөсөн билээ. Танай улс эс дагаваас бид хэзээ ч буцах үгүй. Дагаваас даруй зүүн Зүрчин рүү эргэмүй" хэмээсэн байжээ. Тиймээс элчийг нийслэл хотод хүргүүлэхээр шийджээ. 1231 оны 10-р сарын 21-нд Саридай жанжин Ан Пуг Сон хотын дэргэд Гүрёо улсын гурван бүлгийн цэргийг дарж, Ан Пуг Сон хотыг эзлэн авлаа. Энэ ялалтын дараа Гүрёо улсаас Мин Хый болон Чве Гйен Йөнийг элчээр илгээж, түр найрамдал байгуулъя хэмээх санал тавьсанд Саридай жанжин "Чиний улс хамгаалан сахиж чадах аваас сахиж, дагаваас дагаж, тулалдваас тулалдаж, алин болохоо даруй шийдтүгэй" хэмээгээд өндөр тушаалтай хүн илгээж, "даруй дагатугай" хэмээн шаарджээ. Энэ тухай Мин Хый нийслэлдээ ирж мэдэгдэхэд Гүрёо улсын эрх баригчид Таван цэргийн морьт цэргийг Саридай жанжны цэргийн өөдөөс илгээв. Саридай жанжны цэрэг Пхйөн Жү хотыг эзэлж, Гүрёо улсын нийслэл Кэгён хотын Сөн Ый хаалганд тулж ирэхэд Кэгён хотод үймээн самуун дэгдэв. Чве У найрамдах санал тавихад Саридай жанжин түүнийг хүлээн авч, хариу элч илгээв. 12-р сарын 1-5-ны хооронд хэлэлцээ явагдаж, найрамдал тогтоожээ. 12-р сарын 6-нд Монголын цэрэг гэдрэг эргэжээ. 12-р сарын 22-нд Саридай жанжин Монголд дагаар орсон Гүрёо улсын жанжин Чо Сүг Чханыг есөн Монгол хүнтэй хамт Гүрёо улсад элчээр илгээж, Гүрёо улсын Монголд төлөх албан татварын хэмжээг тогтоов. Гэтэл Чве У энэ найрамдлыг Монголын цэргийг нутгаасаа гаргахын тулд л ашиглажээ. 1232 оны 3-р сард Саридай Гүрёо улсын нутагт 70 даргач үлдээгээд цэргээ татав. Чве У энэхүү даргач нарыг үлдээсэн явдлыг ноцтой зүйл хэмээн үзэж, Гүрёо улсын ван болон түүний гэр бүл, сайд, түшмэдийг Ган Хуа арал руу нүүлгэжээ. Энэ нь Гүрёо улсын нийслэлийг шилжүүлсэнтэй адил зүйл байлаа. Түүний дараа Чве У Монголын даргач нар суусан хотуудын цэргийн жанждад элч нарыг илгээж, даргач нарыг хороохыг тушаажээ. Энэ тушаал очсон газруудынхаа ихэнхэд биелсэн боловч зарим газар ард иргэдийн эсэргүүцлийн улмаас биелж чадсангүй.

[засварлах] Их Монгол улсын Гүрёо улс руу хийсэн хоёрдугаар довтолгоон

Гүрёо улсын эрх баригчид нийслэлээ Ган Хуа арал руу нүүлгэж, Монголын даргач нарын зэвсгийг хураан хороож байгаа мэдээг Монголчууд сонсоод 1232 оны 8-р сард Саридай жанжныг дахин Гүрёо улс руу илгээв. Өгэдэй хаан Гүрёо улс руу Саридай жанжны цэргийг оруулж, таван зүйлийн ял асуун дайтжээ. Энэ нь "1. Хоёр улсын найрамдлаас урвасан нэгдүгээр ял, 2. Даргач нарыг барьж алсан хоёрдугаар ял, 3. Чхогойег хулгаж алаад Манногийн (Их Цзинь улсыг бас ингэж нэрлэдэг байв) иргэд алав хэмээсний гуравдугаар ял, 4. Хавсрах цэрэг мордуул, түшмэлээсээ золгуулахаар илгээ хэмээн зарлиг болоход мөчөөрхөж, далайн арал руу шургалан орсон дөрөвдүгээр ял, 5. Иргэдээ эс цуглуулан тоог үнэн мөнөөр мэдүүлээгүй тавдугаар ял" болно. Монголын тулган шаардах бичгийг аваад Гүрёо улсын ван 1232 оны 9-р сард хариу элч илгээж, дипломат зөөлөн үгээр аргадахыг оролджээ. Энэ үед Гүрёо улсын төрийн эрхийг Чве У тэргүүтэй цэргийн эрхтнүүд атгаж, вангаа хараандаа оруулсан байлаа. Тэд өөрсдийн эрх мэдлийг хадгалж үлдэх, ард олноо дайны хөлд золиосолсон үйлдлээ цайруулахын тулд вангаа бамбай болгон ашиглаж байв. 9-12-р сарын хооронд Гүрёо улсын түшмэд Чве Угийн шахалтаар Монголын хаанд захидал илгээж, ял хэлтрүүлэхийг царайчилсаар байлаа. Чве Угийн энэ үйл ажиллагаа нь Монголыг "их улс" гэх мэт сайхан үгээр хуурах, вангаараа элдвийн амлалт өгүүлэн Монголчудыг хоосон зэрэглээний араас хөөцөлдүүлэх зорилготой байлаа. Монголын цэрэг Гүрёо улсын нутагт дайтаж байтал 1232 оны 12-р сард Чхо Ин Соны ойролцоо Саридай жанжин санаандгүй алагдсан нь Монголын цэргийн довтолгооныг саатуулав. Энэ үед Монгол улс Алтан улс, Их Цзинь улстай зэрэглэн дайтаж байсан тул Гүрёо улсын хэргийг түр хойш тавив.

[засварлах] Их Монгол улсын Гүрёо улс руу хийсэн гуравдугаар довтолгоон

Их Цзинь улсыг мөхөөсний дараа Өгэдэй хаан 1233 оны 3-р сард Гүрёо улс руу Данх жанжны цэргийг илгээв. Мөн Гүрёо улсын ванд илгээсэн захидалдаа "Хиданы хулгайг түвшитгэж, Жалаг алснаас хойш өдгөө болтол ганц ч удаа элч зарж, хааны ордонд ирүүлээгүй, энэ ял нэг. Элчид зарлиг болж, сургааль хийгээд зарлиг өвөрлүүлэн илгээвээс сөрж буцаасан, энэ ял хоёр. Чхаг Го Йөг хутгалж алаад зүүн Зүрчиний иргэд алав хэмээсэн, энэ ял гурав. Хавсрах цэрэг мордуул, түшмэлээсээ золгуулаар илгээ хэмээн чамд зарлиг болсонд чи мөчөөрхөж, далайн арал тийш шургалан орсон, энэ ял дөрөв. Иргэдээ эс цуглуулан тоог үнэн мөнөөр мэдүүлээгүй, энэ ял тав" хэмээсэн байлаа. Их Цзинь улс мөхснөөр Гүрёо улс нь Монголын эзэмшил болсон газартай хойд талаараа бүрэн хүрээлэгддэг болжээ. Монголчууд газар зүйн энэ давуу байдлаа ашиглан Гүрёо улсын хойд талын ихэнх нутгийг эзлэн авчээ. Мөн Монголд үнэнч хэвээр үлдсэн Гүрёо улсын Бог Вөн жанжныг 1233 оны 12-р сард Зүүн нийслэлийн бүгдийг захирах дарга болгож, дагасан цэрэг, иргэд бүхий 40 гаруй хотыг захируулан суулгажээ. Харин Гүрёо улсын захиргаанд өмнөдийн гурван муж, далайн хэдэн арал л үлджээ. 1234 оны 1-р сард Монголын цэргийн цохилтон доор Алтан улс мөхөж, Их Монгол улсын дорнод хил нэг хэсэгтээ амар тайван байдалд оржээ. Гүрёо улсад дайтаж байсан Монголын цэрэг ч байлдаанаа зогсоож, урьд нь эзлэгдсэн Их Цзинь улсын нутагт 100 гаруй цэрэг үлдээгээд буцжээ.

[засварлах] Сүн улсын эсрэг хийсэн дайн

Монгол улс, Сүн улсын цэрэг Нанжин хотыг унагасаны дараа Өгэдэй хаан Чжэнчжоу, Цайчжоу хотуудын заагаас урагш Хэнань мужийг Сүн улсад өгөөд цэргээ татан буцсан юм. Урьд нь Монголын цэрэг Нанжин хотыг өмнүүр нь ороон бүслэх зам гаргах, цэргийн хүнс бэлдэхийн эрхээр Сүн улсын нутагт гүн цөмөрч байсан боловч эзэлж авсан тэр нутгаа бас Сүн улсад өгчээ. Гэтэл Сүн улсын эрх баригчид Монголын цэрэг Сүн улсын хил залгаа нутгаас ухран гарсан хийгээд тэр хязгаарт Монголын засаглал бэхжиж амжаагүй байдлыг ашиглан урьд Алтан улсад алдсан зүүн нийслэл Кайфинь, баруун нийслэл Лоян, өмнөд нийслэл Шунтянь хотуудаа Монголын захиргаанаас байлдан авахаар шийдвэрлэжээ. Энэ нь Хэнань мужийг бүхлээр нь авах төдийгүй Монголын захиргаанд орсон Шаньси мужийг бас авахад хүргэх хэрэг байв. Хэдийгээр энэ шийдвэрийг Сүн улсын сайд нарын ихэнх хэсэг нь дургүйцэж, эс зөвшөөрч байсан ч цэргийнхэний ятгалгаар Лицзун хаан 1234 оны 7-р сард 60000 цэргийг Нанжин хотын зүг хөдөлгөжээ. Сүн улсын жанжид болох Чжао Куй, Чан Зюй Цай нарын цэрэг Нанжин хотыг эзлээд цэргээсээ хоёр хэсгийг гаргаж, Ян И, Сюй Минь Цзинь нарт захируулж, Лоян болон Тунгуаны зүг хөдөлгөсөн байна. Ийнхүү Их Монгол улсын хил хязгаарт Сүн улсын цэрэг орж ирсэн мэдээг аваад Монголын цэрэг буцах замаасаа гэдрэг эргэж, Сүн улсын цэргийн эсрэг тулалдаж эхэлжээ. Ян И жанжны цэрэг Лоян хотод цөмрөн ороод байх үед нь Монголын цэрэг хүрч очиж дайлаад Сүн улсын цэргийг Лошуй голд шахан бут ниргэхэд олон хүн нь живж үхжээ. Сюй Минь Цзинь жанжны цэрэг Монголчуудтай тулгаран байлдсан боловч аль аль нь шийдвэрлэх ялалт байгуулж чадахгүй байсаар хүнсээр дутагдаж, хоёр тийшээ ухарчээ. Харин Нанжин хотод үлдсэн Чжао Куй, Чан Зюй Цай нар араасаа хүнс ирэхийг хүлээн ган гачиг, өлсгөлөнд нэрвэгдсээр 8-р сарыг арай ядан өнгөрөөж байтал Нанжин хотод дөтөлж очсон Монголын цэрэг Хатны голын даланг эвдэхэд ус Нанжин хотын хойд талын нууранд хүч түрэн цутган орж, Сүн улсын цэргийг ихээр живүүлжээ. 1235 оны 1-р сард Монголын хаан Сүн улсад элч илгээж, хэлэлцээр зөрчсөнийг буруушаан ял асуулгавал Сүн улсын эрх баригчид уучлалт хүссэн байна. Гэвч үүнээс хойш Хатны голын орчимд байлдаан ер зогссонгүй. Тиймээс шинэ дайн шатлан өргөжихөөр заналхийлж байв.

[засварлах] 1235 оны их хуралдай

Өмнөд Хятадад шинэ дайны гал асаж, Перс, өмнөд Кавказ, их Унгар (одоогийн Башкирийн Татаруудын нутгийг тэр үед бас ингэж нэрлэдэг байжээ), Гүрёо улсад дайн намжаагүй байснаас Монголын төрийн эрх баригчид 1235 онд Хархорум хотод их хуралдай зарлан хуралдуулж, олон улсын цэрэг, дайны байдлыг авч хэлэлцжээ. Их хуралдайгаас Сүн улс болон Гүрёо улсыг дайлан мохоох шийдвэр гаргалаа. Их хуралдай дээр баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг бас зөвлөлдөн хэлэлцэж, баруун зүгийн орнуудын талаар 1223 онд Зэв, Сүбэдэй нарын цуглуулсан мэдээнүүд, Бат ханы эзэмшлээс ирсэн шинэ соргог мэдээг нарийн, нягт хэлэлцсэн байна. 1222-1223 оны үед Кипчак болон Орост Монголын элчийг итгэл эвдэн хороосон төдийгүй Булгарт Монгол цэргийг ар хударгаас нь довтолсон явдлын өшөөг авах шийдвэр гаргажээ. Их хуралдайгаас баруун зүгийн орнуудыг байлдан эзлэх хэргийг Зүчийн удмынханд голлон үүрүүлж, Зүчийн хоёрдугаар хүү Батыг дайлаар мордох цэргийн их жанжнаар томилж, түүний зөвлөхөөр Сүбэдэйг томилов. Сүбэдэй баатар анх Ижил мөрний тал нутагт хөл тавьснаасаа хойш тэр зүгийн нутгийг хараанаасаа салгасангүй. Тэрээр дорнод Европ болон Венецийн худалдаачдаар дамжуулан Европын орнуудын янз бүрийн давхаргын хүмүүстэй холбоотой байжээ. Түүгээр ч үл барам Ромын Пап лам хүртэл түүний тагнуулын сүлжээнээс ангид байсангүй. Их хуралдайгаас гаргасан шийдвэрийн дагуу Кипчак, Булгар зэрэг Ижил мөрөн, Кавказын нурууны овог аймгууд, Орос, Сүн улс, Гүрёо улсыг дайлах дайны төлөвлөгөөг боловсруулжээ.

[засварлах] Европ руу дайлаар мордсон нь

1236 онд Бат ханы удирдсан их цэрэг баруун зүг рүү хөдлөв. Энэ цэрэгт Чингис хааны удмын 12 хан хөвгүүн өөр, өөрсдийн цэргийг удирдан нэгдсэн төдийгүй Хорезм, Түркестан, Уйгур зэрэг эзлэгдсэн нутгаас цэрэг дайчилж татаж нийлүүлжээ. Бат ханы цэрэг Кипчакуудыг бут цохиж, баруун зүг рүү түрээд Булгар, Башкирийг эзлэн авч дорнод Европт орж ирмэгц Ромын Пап лам IX Григорий Монголчуудын санаа бодлыг тандаж мэдэх зорилгоор нууц даалгавартай элч төлөөлөгчдийг дорно зүг рүү илгээж эхэлжээ. Түүний итгэмжит элч Юлиан ламтан 1235-1237 оны үед Булгар, Башкирт тагнуулын ажил хийж яваад Ромын Пап ламд Монголчууд Оросыг дайрч эхлээд байна. Олон хүн тэднийг Ромыг байлдан дагуулах зорилготой хэмээн ярьцгааж байна гэсэн утгатай мэдээ илгээв. Гайхалтай нь Ромын Пап лам энэ тухай сонсоод ямар нэгэн үйлдэл хийсэнгүй. 1238 онд Европт дундад Азийн Лалын шашинтнуудыг атгадаг Ассасинуудын толгойлогч Уулын өвгөний элч ирж, Монголчуудын эсрэг хамтран тэмцэх хүсэлт тавилаа. Энэ нь Германы II Фридрих хааны найрамдуулах бодлого загалмайтны VI аян дайны явцад нөлөөлж, Христосын шашинтнууд болон Лалын шашинтнуудын хоорондын дайсагнасан харилцааг бага зэрэг зөөлөлсөнтэй холбоотой байв. Гэвч II Фридрих хаантай зөрчилдөж, түүнд буулт хийх дургүй байсан Ромын Пап лам Уулын өвгөний элч нарын саналыг хүлээж авсангүй.

[засварлах] Сүн улсын эсрэг аян дайн

Сүн улстай Хатны голын орчим хийж байгаа байлдаан ер зогсохгүй байсан тул Сүн улсыг мохоох зорилгоор 1235 оны их хуралдайгаас гарсан шийдвэрийн дагуу Монголын цэрэг Сүн улс руу гурван замаар довтлон оров. Баруун замын цэргийг Өгэдэй хааны гуравдугаар хүү Хүдэн болон Тахай жанжин нар удирдаж Сычуань муж руу, гол замын цэргийг Өгэдэй хааны дөрөвдүгээр хүү Хүчү болон Томудай жанжин нар удирдаж Хубэй мужийн Ханьшуй мөрний сав нутаг руу, зүүн замын цэргийг Бэлгүдэй ноёны хүү Бухагүн болон Цагаан ноён нар удирдаж Хэнань мужийн Хөх мөрний хөндий рүү тус тус давшихаар болжээ. Эдгээр цэрэг нь шинээр дайчлагдсан Монгол, Хидан, Зүрчид, Хятад цэргүүдээс бүрдсэн байлдааны туршлага муутай цэргүүд байв. Баруун замын манлай анги түрүүлэн давшиж, Хозяньфуд довтлон ороход хотыг сахиж байсан жанжин Ван Ши Сянь бууж өгчээ. Баруун замын цэргийн манлай анги Ван Ши Сянь жанжны цэрэгтэй хамтран давшиж, Даань гацааг бүслэн байлдаж байтал Личжоу хотын Цао Юй Вэй жанжны цэрэг өмгөөлөөр ирээд Монголын цэргийг байлдаж ухраав. Монголын манлай анги Сяньчжэнгуань боомтонд хүрч суугаад Ван Ши Сянь жанжнаар Мяньчжоу хотыг байлдуулж байтал Цао Юй Вэй жанжин бас өмгөөлөөр ирж цохин ухруулжээ. 1236 оны 5-р сард Монголын гол замын цэрэг Хэнань мужид цөмрөн орж, улмаар Хубэй мужийн гүн рүү давшихад замд тааралдсан хотуудын цэрэг бослого гарган хотоо галдаж, ар араасаа бууж өгцгөөж байсан тул тэдгээр хотуудын эд хөрөнгө, хоол хүнс, зэр зэвсэг Монголчуудын гарт оржээ. Монголын цэрэг давшилтаа үргэлжлүүлэн 8-р сард Гуаньчжоу, Цзаоянь, Дэаньфу хотуудыг эзлэн авав. Баруун замын цэрэг 1236 оны 10-р сард Сычуаньд цөмрөн Яньпингуань боомтонд давшин хүрч, Цао Юй Вэй жанжны цэрэгтэй тулалдан ялж, Личжоу, Тунчуань, Чэньду орчмын олон хот, гацааг эзлэн авсанаар Сычуань мужийн гуравны хоёр хэсэг нь Монголын цэргийн захиргаанд орлоо. Улмаар Вэйчжоу хотыг бүслэн байлдаж буулган авч байхад Хүдэн жанжны дүү Хүчү тулалдаанд эрсэдсэн мэдээ ирсэн тул Хүдэн цэргээ хураан Шэньси мужид гарч очив. 1236 оны 12-р сард Томудай жанжин Хубэй мужийн Цзинь Линь хотыг бүслэн цохилоо. Хотод туслахаар Сүн улсын Мэн Хун жанжин ирж байлдаад Монголчуудын эрхшээсэн 24 цайз, 20000 иргэнийг буцаан авав. Монголын зүүн замын цэрэг 1237 оны намар Чжиньчжоуг довтлоод эзэлж чадалгүй буцав. Мөн Бухагүн Хэнаньд цөмөрч, Суйчжоу, Цичжоуг аваад Аньфэнь хотыг дайрсан боловч амжилт ололгүй гэдрэг эргэв. Энэ дайн төдийлөн амжилт олоогүй шалтгаан нь Их Монгол Улс баруун хил дээрээ аян дайн хийж, цэргийн ихээхэн хүч тийшээ шилжсэнтэй холбоотой байв. Эцсийн эцэст дайнд тамирдсан Сүн улс найрамдлын гэрээ байгуулах санал тавьжээ. Монголын эрх баригчид Сүн улсын саналыг хүлээн авч, 1238 оны 4-р сард Сүн улсын нийслэл хотод хоёр улс хэлэлцээр хийж, түр найрамджээ. Энэ хэлэлцээрийн ёсоор Сүн улс Монгол улсад жил бүр 200000 лан мөнгө, 200000 хуй торго төлөх үүрэг хүлээлээ.

[засварлах] Өгэдэй хаан тэнгэр болсон нь

1241 онд Өгэдэй хаан нас баржээ. Ихэнх эх сурвалжид түүнийг архи хэт их уудаг байснаас болж нас барсан гэдэг бол цөөнгүй эх сурвалжид түүнийг хорлосон гэдэг байна. Түүнийг Дөргэнэ хатан хорлосон, Дөргэнэ хатны даалгавараар Фатима хэмээх Перс бүсгүй хорлосон, эгч нь хорлосон гэх мэт олон таамаглал байдаг. Мөн зарим эх сурвалжид Өгэдэй хаан 1241 оны намар ан ав хийж байхдаа Араб худалдаачин Абдуррахман хэмээгчтэй шөнөжин архидаж хоноод маргаашийн үүрээр нас барсан ба Абдуррахман нь Дөргэнэ хатны нууц амраг байсан хэмээсэн байдаг.

No comments:

Post a Comment